Сайн уу ангийнхаан, та нар блог дээр байгаа зүйлсийн заримыг нь хараад гайхаж байж магадгүй. Жишээ нь, энэ киноны дуу. Би энэ кинонд үнэхээр дуртай. Дуунд нь ч гэсэн их дуртай. Киноны гол дүрийн хоёр шиг манайхан зоригтой сайхан үерхэж найзлаагүй ч, сүүлд сонсохнээ энэнээс ч дутахгүй зүйлүүд болж л байсан юм билээ. :) 9-р ангийн намрын ажлаар хөөрхөн, хөөрхөн юм их болсныг блогчин би нилээн хойно л мэдсэн шүү. Ер нь миний мэдэхгүй зүйл зөндөө л болж байсан юм билээ. За за тэр ч яахав. Энэ дуу 10жилийн хөгжилтэй, дурсгалтай мөчүүдийг чинь та нарт сануулна гэж найдаж байна.
Monday, January 31, 2011
Wednesday, January 26, 2011
АРДЫН БАГШ ЗУЛАА...
Хүүе ангийнхаан, манай хүүхэд сая над руу утасдаж, орой ирэхдээ бэлэг авчираарай гэж захиж байна. Маргааш ангийнхаа багшид өгмөөр байна гэнээ. Тэгээд гэнэт манай ангиас нэг ардын багш гарсан шүү дээ, баярын мэнд хүргэх хэрэгтэй гэж бодлоо. Багшийн мэргэжил үнэхээр сайхан шүү. Тэр тусмаа бага ангийн багш үнэхээр чухал, хүүхдэд маш их нөлөөлдөг гэдгийг хүүхдээ сургуульд ороход л мэдэж авлаа. Зулаадаа багш нарын баярын мэнд хүргээд, мянган мянган сайн шавь төрүүлээрэй (мэдээж аль хэдийн олон сайн хүмүүсийг төрүүлчихсэн байгаа л даа...) гээд ажлын өндөр амжилтыг ангийн хамт олон чинь чин сэтгэлээсээ хүсэж байна шүү!! Сайхан баярлаарай!!
Оюунаагийн гэр бүл...
Сайн уу ангийнхаан, та бүхэндээ Оюунаагийнхаа гэр бүлийг танилцуулж байна. Оюунаа маань нутгийн залуутайгаа гэр бүл болж 3 хөөрхөн хүүхэдтэйгээ инээгээд л амьдраад байна даа :)
Оюунаагийнхаа гэр бүлд аз жаргал, хамгийн гол нь эрүүл энхийг ангийн хамт олон чинь чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!
Жич: Оюунаа энэ зурган дээр бараг танигдахгүй гарсан байна шүү.
УЛААНБААТАРЫН ҮДЭШ...
Хүүе ангийнхаан, энэ зургийг хэзээ ч харж байгаагүй юм шиг санагдаж байнаа. Их ховор зургийг харин Мөнгөөдэй маань өгч намайг их баярлууллаа. Энэ хэдэн он байсан бэ? Би та нартай хамт явж чадаагүй дээ үргэлж харамсдаг байж байгаад мартчихсан байсан чинь энэ зургийг хараад бүр их харамсаж байна шүү. Би ч өөрийнхөө зөрүүд байдлаас болоод л яваагүй юм л даа, уг нь. Ээжийнхээ өгсөн 50 төгрөгийг голоод, ээждээ гомдож, зөрүүдэлснээс л болсон юм. Цаг хугацааг эргүүлж болдог бол, мөнгө зээлээд ч хамаагүй явмаар л байна. :) Тэр үед харин намайг (Далангийн биднийг) ятгах гэж Даланд ирж, манай үүдний пүүтэгт хөлдөж үхтлээ зогссон Энхээ, Олноо, Дэлээ (зөв үү, би сайн санахгүй байна) нарт чин сэтгэлээсээ баярладаг шүү. Гэхдээ эд нар хамгийн гол нь Баяраа даргыг авах гэж ирсэн байхгүй юу, тэгсэн чинь яахав нөгөөдөх нь аль хэдийн хот руу хэсээд явчихсан байж таарна даа :)
За за, тэр ч яахав. Энэ их гоё зураг байна шүү. Манайхан чинь яасан ч хөөрхөн хүүхдүүд байсан юм...Ховор нандин зурагнаасаа хуваалцсанд Мөнгөөдэй чамд маш их баярлалаа.